Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг салбар салбарын эмэгтэй эрдэмтдийг онцгойлон урьж ярилцдаг уламжлал тогтоож буй. “Эмэгтэй эрдэмтэн” булангийнхаа дэд дугаарын зочноор Анагаах ухааны доктор, профессор Дамбын Цэнд-Аюушийг урилаа.
АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн захирал, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга буюу Ерөнхий мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, профессор Дамбын Цэнд-Аюуш нь уламжлалт анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйг хослуулан хөгжүүлэх, Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрдэмтэн. Мөн Монгол уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгддэг 17 зүйл эмийн ургамлын судалгаа хийж, зарим ургамлын хавдрын эсрэг, элэг хамгаалах үйлдлүүдийг илрүүлсэн. Түүнчлэн мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага олныг зохиохын зэрэгцээ хэд хэдэн патент, ашигтай загвар, Монгол Улсын стандартыг батлуулсан байна. Тэрбээр 1996 оноос АУИС-ийн Монгол уламжлалт анагаахын тэнхимд багш, 2002 оноос Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн /МАУОУС/ Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн эрхлэгчээр, 2018 оноос ахлах багш, 2019-2020 онд АШУҮИС, Эрдмийн сургуульд тэнхимийн эрхлэгч, 2020 оноос АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, мөн шинэхэн байгуулагдсан Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
-Монголын уламжлалт анагаах ухааныг наад зах нь 5000 орчим жилийн өмнөөс үүсэлтэй гэж үздэг юм билээ. Чухам юуг үндэслэж ингэж үздэг юм бол?
-1990-ээд онд биднийг оюутан байх үед Монголын уламжлалт анагаахын түүхийг 2500-3000 жилийн түүхтэй гэж заадаг байв. Харин сүүлд 5000 жилийн түүхтэй гэдгийг нотлох археологийн олдворууд манай орны нутаг дэвсгэрээс олдох болсон. Хойд Цэнхэрийн агуй, Увс аймгийн Чандмань уулын орчмоос Хүннүгийн үед зүү эмчилгээ хийдэг байсан болон гавлын ясыг цоолж хагалгаа хийж байсныг илтгэх олдворуудыг олсон байдаг. Эндээс манай энэ салбарын түүхэн хөгжил ямар эртнээс эхтэй вэ гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа юм.
-Монгол анагаах ухааны түүх бол гайхамшигтай баян. Анагаах шидэд гаршсан, эрдэм ухаан ихтэй хүмүүсийн нэр ч мөн Монголын түүхэнд олноор тэмдэглэгдсэн байдаг талаар ярьвал?
- XIV зуунд Монголын эрдэмтэн Чойжи-Одсэр “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолыг монгол хэлэнд орчуулсан нь Монголын анагаах ухаанд Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны онол, оношилгоо, эмчилгээний аргуудын хамт эмийн түүхий эд, эм найрлагууд нэвтрэхэд нөлөөлсөн гэж үздэг юм. XVI зууны үеэс манайд буддын шашин хүчтэй дэлгэрч, эмчийн сургууль буюу Манба дацангууд байгуулагдаж олон алдартай эмч төрж гарсан байдаг юм. Ойрадын Зая бандид Намхайжамц, анхны Манба дацанг байгуулсан Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан, XVIII зууны Монголын алдарт оточ Сүмбэ хамба Ишбалжир, Монголын алдарт оточ Лүнриг Дандар гэх зэргээр үе үеийн алдар цуутай монгол мааранба, эмч нарыг нэрлэж болно.
-20-р зууны дунд үеийн адармаатай цагийн нөлөөгөөр Монгол анагаах ухааны хөгжилд бэрхшээл нэлээд тулгарсан гэж үздэг. Гэвч өнөөдөр эргээд сэргэж байгаа. Үүнд нөлөөгөө үзүүлсэн орчин цагийн гавьяатнуудаас дурьдаач?
-Монголын уламжлалт анагаах ухааны орчин цагийн хөгжилд гавьяа байгуулсан эрдэмтэн, судлаач, эмч, төрийн зүтгэлтэн олон. 1990 оноос хойш уламжлалтын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн гэдэг ч үнэндээ бол энэ хөгжлийн суурийг түүнээс өмнөх цаг үед тавьсан байдаг. 1958 онд Монгол Улсын Хүний Гавьяат эмч Д.Бадарчин Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт зүү төөнө заслын кабинет байгуулсан. Дараа жил нь академич Ц.Хайдав гуайн хичээл зүтгэлээр ШУА, Байгалийн нэгдлийн хүрээлэнд Ургамал судлалын секторыг нээснээр орчин цагийн уламжлалт анагаах ухааны эмнэлзүй, эрдэм шинжилгээний хурдтай хөгжих суурь нь болсон гэж үздэг. Энэ нь өргөжсөөр Ардын эмнэлгийн хүрээлэн болсон, өнөөдөр Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн болтлоо ахижээ. Тухайн үедээ энэ салбарын чухлыг ойлгуулж чадсан төдийгүй төрийн бодлогын нэг хэсэгт байх үүд хаалгыг нээжээ гэж хардаг.
Мөн Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Н.Төмөрбаатар багш маань уламжлалт анагаах ухааны академик боловсролын чиглэлд түүхэн гавьяа байгуулсан хүн. Энэ хүний санаачилгаар 1990 онд тухайн үеийн АУИС-д Монгол улажлалт анагаах ухааны тэнхимийг байгуулж, уламжлалт анагаах ухааны их эмчийн хөтөлбөрийг нээсэн. Багш маань уламжлалт анагаах ухааны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг энэ сургуулийн суурийг тавьж өгсөн, боловсролын салбарт шинэ мэргэжил бий болгосон гавьяатай хүн. Монголд одоо хувийн хэвшлийн зургаа, долоон сургууль уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Тэдгээрийн суурийг ч манай багш тавьсан гэж хэлж болно.
Монгол Улсын Төрийн шагналт, АШУ-ны доктор, профессор Хүний гавьяат эмч М. Амбага, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, профессор Б.Дагвацэрэн, академич Ч.Чимэдрагчаа, “Оточ Манрамба” дээд сургуулийн захирал Нацагдорж гээд энэ салбарын түүхэнд нэрээ бичүүлэх гавьяатай олон хүн бий.
-Монголын уламжлалт анагаах ухааны хөгжил хэр түвшинд баяжин хөгжиж яваа гэж та боддог вэ? Өнгөрсөн хугацаанд алдсан оносны аль нь жин дарах бол?
- Бид уламжлалт анагаах ухаанаа аваад үлдчихсэн азтай ард түмэн. Хэдийгээр 1940-өөд оны үед маш олон ном судар устан үгүй болж, залгамжаа алдсан ч өвөг дээдсийн маань хүүхдээ эмчлэх домын арга, сэтгэл заслын арга, ойр зуурын ургамал ногоогоор биеэ эмчилчихдэг гэх мэт эрдэм ухаан бидний геньд шингээстэй учир өнөөдөр өв болж үлдэж чадсан. Нийгмийн өөрчлөлтийн буянаар чамгүй сэргээж хөгжүүлж чадсан байна. Хүний насаар бол одоо ид хөгжлийн үе шатандаа ирж. Өнгөрсөн 30 жилд хүнээ, боловсон хүчнээ бэлдсэн байна. Эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэн боловсон хүчин хангалттай болчихлоо. Одоо бид хөгжлийнхөө дараагийн шатанд шилжих цаг нь болжээ.
Монголчууд өнөөдөр уламжлалт анагаах ухаанаа өдий зэрэгт байлгаж байгаа нь нэг талаасаа төрийн зөв цэгцтэй бодлогын илэрхийлэл. Уламжлалт анагаах ухааны академик сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай. Эмнэлэгтэй, эмнэлэгийн үйлчилгээ нь даатгалтай. Манайх шиг ингэж уламжлалт анагаахаа төгс хэлбэрээр хөгжүүлж байгаа улс байхгүй гэж хэлж болно. Үүгээр би үнэхээр бахархдаг шүү.
ДЭМБ манай улсын эрүүл мэндийн салбарын энэ нэгдмэл тогтолцоог өндөр үнэлдэг. Гадны мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагынхан ч манай энэ нэгдмэл тогтолцоог маш их сонирхдог. 1999 онд уламжлалт анагаах ухааныг төрөөс дэмжих бодлогыг УИХ анх баталсан. Эрүүл мэндийн хуулиндаа, “орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гээд заачихсан.
-Монгол анагаах ухааны түүхэн уламжлал, өв соёл маш эртнээс улбаатай. Үүнийг сэргээн судлах, шинэ үеийг бэлтгэх, хөгжүүлэхэд орчин цагийн монголчууд, монгол эрдэмтдийн хийж бүтээж буй ажлуудыг өнөөдөр та юу гэж дүгнэж ярилцах вэ?
-Монголын уламжлалт анагаах ухааны орчин цагийн хөгжлийг чамлахааргүй түвшинд яваа гэж үзэх бүрэн боломжтой. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр 98 үүдэн эмнэлэг, 34 ортой эмнэлэг, 38 сувилал үйл ажиллагаа явуулж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаа нь том амжилт юм. Уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнийн их эмч, засалч, сувилагч мэргэжил эзэмшүүлэх 6 их сургууль байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт сайн хөгжиж байна. Уламжлалт эмийн үйлдвэр л гэхэд 7 байна. Тэдгээрт 200 нэр төрлийн 1033 эм тан үйлдвэрлэж эрүүл мэндийн байгууллага, хүн ардын хэрэгцээнд нийлүүлж байна.
- АШУҮИС оны өмнөхөн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнтэй болсон. Байгуулагдаад удаагүй мөртлөө хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн гаргахад бэлэн болсон гэсэн?
-АШУҮИС эрдэм шинжилгээний таван хүрээлэнтэй. Тэдний нэг нь Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн. Байгуулагдаад хэдхэн сар л болж байна. Эхний ээлжинд томуугийн эсрэг сироп, цөс хөөх бэлдмэл, арьсны мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, антиоксидант бүтээгдэхүүн, ашигтай бактери бүхий эрүүл мэндийн ундаа зэрэг инновацийн 5 бүтээгдэхүүн, уламжлалт эм гаргах гэж байгаа юм. Цөм л уламжлалт жор найралтад суурилсан бүтээгдэхүүн. Манай уламжлалт анагаах ухаан, эмзүй, био анагаах, эмнэлзүйн олон эрдэмтний олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээлүүд мэндэлж байна гэсэн үг.
Энэ хүрээлэнгийн зорилго бол 5000 гаруй жилийн түүхтэй Монгол уламжлалт анагаах ухааныг судлан хамгаалах, монгол хүнд ээлтэй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, шинэ эм зохион бүтээх, зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа хийх, монгол анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундаа үйлдвэрлэх, уламжлалт анагаахын эмнэлзүйн шинэ дэвшилтэт аргууд, эмчилгээний заавруудыг боловсруулж практикт нэвтрүүлэх явдал.