Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн зүй тогтлыг алдагдуулахгүйгээр өнөөгийн шинэ шатанд гаргаж уламжлалт анагаах ухаан эмчилгээ үйлчилгээний цогц төв болж, иргэдэд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Алсын хараа:
Таны бие, хэл, сэтгэлийг эмчилж амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Эрхэм зорилго:
Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээний цогц төв болно.
Байгууллагын уриа:
Цэцэгсээр угтаж, сэтгэлээрээ эмчилье.
ОН ЦАГИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
Монголын уламжлалт анагаах ухаан нь өнө эртний түүхтэй, монгол хүний бие махбодыг цогцоор нь авч үздэг шинжлэх ухаан юм. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад байгаль, ертөнц дэх юмс үзэгдлийн ерөнхий зүй тогтлыг танин мэдэж энэхүү танин мэдсэн зүйлээ ардын эмнэлэгт нэвтрүүлснээр уламжлалт ардын эмнэлэг нь анагаах ухаан болон хөгжсөн. Завхан аймгийн Уламжлалт анагаах ухааны төв нь Завхан аймгийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 304 дүгээр тоот захирамжаар Уламжлалт анагаах ухааны төв нэртэйгээр их эмч Д.Зоригтбаатарын санаачлагаар 2 сувилагч, 1 үйлчлэгч, 1 нярав нягтлан гэсэн 5 ажилтантайгаар байгуулагдан “Үүдэн эмнэлэг” хэлбэрээр ажиллаж байгаад 2005 онд 10 ортой 15 ажилтантай Эрүүл мэндийн газрын 1 давхарт Уламжлалт анагаах ухааны төв нэртэйгээр 10 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
2006 онд Отгонтэнгэр рашаан сувилалтай нэгдэж “Рашаан сувилал уламжлалт анагаах ухааны нэгдсэн төв” болж өргөжин рашаан сувилал, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлэх болсон.
2007 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2 давхарт 15 ортой үйл ажиллагаа явуулж байгаад
2013 онд “Отгонтэнгэр рашаан сувилал”, “Уламжлалт анагаах ухааны төв” болон салсан.
2019 онд Одчим-Наран эмнэлгийн байрыг төсвийн хөрөнгө оруулалтаар 500,0 сая төгрөгөөр худалдан авсан.
Өнөөдрийн байдлаар 21 ажилтантайгаар үйл ажиллагааг үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасаг гэсэн 2 чиглэлээр үзүүлж, эрүүл мэндийн газраас баталсан өдрийн 5 ор, хэвтүүлэн эмчлэх 35 ороор ажиллаж яаралтай тусламж, тусгаарлах өрөөг гарган 24 цагаар ажиллаж жилд дунджаар 2800 орчим хүнд тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Өвдсөн үед нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор идээ, ундаа, явдал мөрийн гам цээрийг бидний өвөг дээдэс хэрхэн баримталж, сахин хамгаалж ирсэн ариун зааварчилгааг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүргийг хүлээн, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.